Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас санаачлан Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс хамтран ахлах ангийн сурагчдыг аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэгээр нөлөөлье” аяныг зарласан. Соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх энэхүү аяны нээлт өнөөдөр ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр болов. Аяныг нээж дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл хэлэхдээ “Сүхбаатар дүүрэгт төрийн болон төрийн бус өмчийн 46 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс 22 сургуулийг нь сонгон зөвхөн ахлах ангийн сурагчдад зориулан хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх “Эерэгээр нөлөөлье” аяныг зохион байгуулж байна. Аян хүрээнд хууль эрх зүй болон сэтгэл зүйчээс бүрдсэн баг сургууль бүрт 5 хоногийн хугацаанд ажиллаж, сургалт, зөвлөгөө өгөхөөс гадна танай сургуульд санал хүсэлтийн хайрцаг аялуулна. Бид бүх шатандаа хүүхэд хамгааллын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцохоор энэхүү аяныг 2 сарын хугацаатай зохион байгуулж байгаа юм. Мөн анги хамт олноороо сургуулийн орчинд төдийгүй эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс таагүй мэдрэмж төрүүлдэг харилцаа, хандлага бусад тулгамдсан зүйлсийн талаар асуудал хөндсөн нийтлэл бичиж ирүүлээрэй. Бүгдээрээ аяндаа идэвхтэй оролцоорой. Хүүхдүүддээ сурлагын амжилт хүсье” гэлээ. “Эерэгээр нөлөөлье” аяны үйл ажиллагаа өнөөдөр мөн 31-р сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль дээр эхэлсэн. Аяны хүрээнд дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнүүд “Гэмт хэрэг, зөрчлөөс ангид байх нь суралцагч бидний эерэг хандлагаас хамааралтай” сэдэвт хууль эрх зүйн сургалт өгч, мэргэжлийн сэтгэл зүйч “Зүрх сэтгэлийн боловсрол” олгохоос гадна хүүхдүүд сэтгэл зүйчтэй ганцаарчилсан уулзалт хийх ажлыг тус тус зохион байгуулна.